Friday, January 29, 2016

Асралт хайрхан дээр гарсан аялал

Өмнө нь та бүхэн бидний Хагийн хар нуур уруу хийсэн аяллын тэмдэглэлийг уншсан байх. Энэ удаа би та бүхэнд бас нэгэн аяллын тэмдэглэлээ хүргэх гэж байна. Энэ бүхэн дээрх аяллын яг дараагийн жил нь болсон юм. Хагийн хар нуур уруу явж хаширсан бид хоёр энэ удаад арай өөр тийшээ явахаар шийдэж багын гишүүдээ ч гэсэн нэмсэн юм. 


Ээлжит нэгэн аялал маань ийнхүү эхэлсэн юм. Өнгөрсөн удаа хоёулханаа явсан болохоор энэ удаа илүү олуулаа явах зорилго тавилаа. Тиймээс хүүхдүүдийг элсүүлэх ажил өрнөв. Өнгөрсөн аяллын түүхээ нүдэнд нь үзэгдтэл ярьж хүүхдүүдийн сонирхлыг тултал өдөөж өгөв. Бараг л өвөлжингөө хичээлийн жилийн турш ярьсан даа. Эцэст нь хэдэн найзууд явахаар боллоо. 


Миний элсүүлсэн хоёр хүн бол Дашням болон Гантулга нар. Тэр хоёр манай бизнесийн сургуулийн менежментийн ангид сурдаг, Ганаа болон Сударч бид гурав аль 10 жилийн л найзууд байсан. Харин Сударч их сургуулийнхаа ангийн найз Төгөлдрийг элсүүлсэн юм. Ийнхүү баг маань 5 хүний бүрэлдэхүүнтэй болох нь тэр.

Том ногоон цүнхний ард байгаа залуу бол ахлах аялагч Сударч, ганган шилтэй залуу бол Төгөлдөр, голын залуу бол шинэхэн аялагч Дашням, эрээн цамцтай нь мэдээж би буюу Болор-Эрдэнэ, усан цэрэг бол шинэхэн аялагч Гантулга. 

Аяллаа яагаад ингэж орой хийснийг нэг л сайн санаж өгөхгүй байна. Бодвол ихэнх нь өмнө нь ямар нэг шалтгаанаар завгүй байсан байх. Юу ч гэсэн бид 4 цуглаж хүнсээ базаасан юм. Ихэнхдээ Номин, Оргил, Тэнгэр гэсэн томоохон супермаркет ороод цуглуулчихна. Өмнө жилийн жагсаалтаа харж байгаад яг л түүнийхээ дагуу цуглууллаа. Яахав зарим нэг зүйлийг хасаж нэмсэн нь бий боловч ерөнхийдөө л тэр жагсаалтын дагуу авсан. Жагсаалтыг харахыг хүсвэл та Хагийн хар нуур уруу хийсэн аяллын постыг уншаарай.

Цүнхээ хэрхэн баглах вэ

Үүргэвчтэй явган аялал хийхэд анхаарах зүйлс их бий. Тэр тусмаа өдөржин алхсаны дараагаар мөр их өвдөнө. Цүнхээ буруу баглавал аяллын дундуур нурууг тань нухаж саад учруулна. Мэдээж та иймэрхүү зүйлүүдэд дэмий цаг үрмээргүй л байгаа биз дээ. Бүх зүйлс өөрийн гэсэн стандарт, хэв маяг, аргачлалтай. Тэгвэл цүнхээ хэрхэн баглах вэ? Би энд зарим нэг зургийг орууллаа. Таны аяны мэдлэгт тус нэмэр болно гэж бодож байна. 
  
Зураг №1
Ер нь тэгээд зориулалтын сайн аяны  цүнхтэй болсон дээр л дээ.


Saturday, August 31, 2013

Хагийн Хар Нуур руу хийсэн явган аялал


Нуурын танилцуулга:
Интернетээс авсан зураг
Гарал: Эртний мөсдлийн гаралтай үлдэгдэл нуур 
Өндөр: Далайн түвшнөөс дээш 1817.3 м өндөрт өргөгдөн оршдог
Талбай: 2.7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2.5 км, өргөн нь 1.1 км, эргийн шугамын урт 6.2 км, хамгийн гүнзгий газар нь төв хэсэгтээ бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11 м.
Байрлал: Хан Хэнтийн нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур.
Онцлог: Монгол орны хамгийн ариун дагшнаараа үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг бөгөөд үнэхээр сайхан онгон байгальтай. Энэ хавийн нутагт буга, хандгай, бор гөрөөс, хүдэр, хүрэн баавгай, чоно, шилүүс, нохой зээх, булга, олон төрлийн зэрлэг ан амьтан хүнээс айх аюул багатай амгалан оршдог.