Friday, January 29, 2016

Асралт хайрхан дээр гарсан аялал

Өмнө нь та бүхэн бидний Хагийн хар нуур уруу хийсэн аяллын тэмдэглэлийг уншсан байх. Энэ удаа би та бүхэнд бас нэгэн аяллын тэмдэглэлээ хүргэх гэж байна. Энэ бүхэн дээрх аяллын яг дараагийн жил нь болсон юм. Хагийн хар нуур уруу явж хаширсан бид хоёр энэ удаад арай өөр тийшээ явахаар шийдэж багын гишүүдээ ч гэсэн нэмсэн юм. 


Ээлжит нэгэн аялал маань ийнхүү эхэлсэн юм. Өнгөрсөн удаа хоёулханаа явсан болохоор энэ удаа илүү олуулаа явах зорилго тавилаа. Тиймээс хүүхдүүдийг элсүүлэх ажил өрнөв. Өнгөрсөн аяллын түүхээ нүдэнд нь үзэгдтэл ярьж хүүхдүүдийн сонирхлыг тултал өдөөж өгөв. Бараг л өвөлжингөө хичээлийн жилийн турш ярьсан даа. Эцэст нь хэдэн найзууд явахаар боллоо. 


Миний элсүүлсэн хоёр хүн бол Дашням болон Гантулга нар. Тэр хоёр манай бизнесийн сургуулийн менежментийн ангид сурдаг, Ганаа болон Сударч бид гурав аль 10 жилийн л найзууд байсан. Харин Сударч их сургуулийнхаа ангийн найз Төгөлдрийг элсүүлсэн юм. Ийнхүү баг маань 5 хүний бүрэлдэхүүнтэй болох нь тэр.

Том ногоон цүнхний ард байгаа залуу бол ахлах аялагч Сударч, ганган шилтэй залуу бол Төгөлдөр, голын залуу бол шинэхэн аялагч Дашням, эрээн цамцтай нь мэдээж би буюу Болор-Эрдэнэ, усан цэрэг бол шинэхэн аялагч Гантулга. 

Аяллаа яагаад ингэж орой хийснийг нэг л сайн санаж өгөхгүй байна. Бодвол ихэнх нь өмнө нь ямар нэг шалтгаанаар завгүй байсан байх. Юу ч гэсэн бид 4 цуглаж хүнсээ базаасан юм. Ихэнхдээ Номин, Оргил, Тэнгэр гэсэн томоохон супермаркет ороод цуглуулчихна. Өмнө жилийн жагсаалтаа харж байгаад яг л түүнийхээ дагуу цуглууллаа. Яахав зарим нэг зүйлийг хасаж нэмсэн нь бий боловч ерөнхийдөө л тэр жагсаалтын дагуу авсан. Жагсаалтыг харахыг хүсвэл та Хагийн хар нуур уруу хийсэн аяллын постыг уншаарай.

АЯЛЛЫН ЭХНИЙ ӨДӨР 

Бид 8 сарын  24-нд хүнсээ базааж, 25-ны өглөө 10:20-д төв вокзал дээр цугларсан. Багын 5 дахь гишүүн Төөгийтэй тэр өдөр л танилцацгаасан юм. Хүний 2100₮ төлж суусан Сэлэнгийн вагон 10:50 гэхэд вокзалаас хөдөлж аялал маань эхлэлээ. Буух ёстой Мандал өртөөн дээрээ ойролцоогоор нэг цагийн үед очсон. Хэдий таван хүн явж байгаа ч гэсэн ачаа өмнөх шигээ л хүнд санагдаж байлаа. 2 хүн явсан үеийг бодвол бага зэрэг хөнгөрсөн л байх. Биднийг өртөөн дээрээс нутгийн нэг эгч тосон авч машинаар шууд "Цагаан нуга" хүргэж өгөх байсан хэдий ч төлөвлөсөн ёсоор болсонгүй. Тэр эгч унаагаа олоогүй тул бид хэсэг хүлээх хэрэгтэй боллоо. Бараг цаг хэртэй дэлгүүрийн үүдэнд наранд шарагдан хүлээн сууж, зарим нэг нь дутуу бэлтгэлээ базаан саравчтай малгай зэрэг зүйлс авахаар зах оров.

Шинэхэн аялагчид Портер дээр аяллаа үргэлжлүүлж байгаа нь.

Эцэст нь эгч Портер олж бид цааш замдаа гарлаа. Энэ портер Сөгнөгөр ороод цааш бид өөр машинд шилжин суух байсан ч бас л машин маань олдохгүй хэсэг юм боллоо. Тэр хооронд Дашкагийн бэлдэж ирсэн МИАТ-н хүйтэн зуушаар өдрийн хоолонд орох нь тэр. Бэлэн хоол ч сайхан л даа шууд л задлаад иднэ. Машин олохыг хүлээн суусан бид залхаж өөрсдөө цааш явхаар шийдлээ. Ингээд л хамаагүй наанаас алхаж эхэлсэн юм даа.

Дашкагийн бэлдэж ирсэн өдрийн хүйтэн зууш.
Цаг аль хэдийнээ 5 болчихсон бид эрчтэй нь аргагүй алхаж гарав. Нутгийн хүмүүс бүгд хадландаа гарчихсан нааш цааш морьтой, мотоциклтай холхисон улсууд. Цааш алхах тусам бухалдсан өвс хадлан хадаж байгаа хүмүүстэй таарч байлаа. Дахиад цааш явтал бөөчид гэр барьчихсан өнөөх ёс заншлаа л хийж байгаа шинжтэй байрлана. Тэднийг өнгрөөд цааш явтал дахиад л нэг бөөчинд гарч ирнэ. Бид тэднээс зайтай хоноглох санаатай нэлээн явж байгаад хоноглохоор шийдлээ. Цаг 7 болж буудаллах газраа хайж олохыг шаардав. Зам дагуу гэлдэрч явтал нэг цагаан өнгийн портер, хөтөлгөө морьтой хүмүүс өдөөс гараад ирэв. Тулж ирээд зогсонгуутаа шууд бидэн рүү орилж гарав. Юун хүмүүс хаашаа явж байгаа юм гээд шалгааж гарах нь тэр. Бид ч угаасаа хашир гарууд сурсан зангаараа салхилж яваагаа хэллээ. Гэхдээ Асралт хайрхан уруу явж байгаагаа ер хэлээгүй юм. Хадлангийн үеэр хамаагүй хүмүүс ингэж явж болохгүй, гал алдана гэсэн юм ярьж биднийг машин дээр суулгаад буцаана гэдгийн байна. Яагаад ч юм аялал цуцлагдаж байгаа мэт эвгүй мэдрэмж төрж байлаа. Сударч нөгөө ахад эндэхийн байгаль хамгаалагчтай ярьсан, зөвшөөрөл авсан гэдгээ хэлсэн боловч ах хүү тэнд жинхэнэ нутгийн эзний зан гаргаж гарлаа. Бид ч бас бууж өгөлгүй Геологийн оюутнууд судалгаа хийж яваа хэмээн бурж гарлаа. Бизнесийн сургуулийнхан үнэндээ ямар юмны биологийн судалгаа хийх вээ дээ. Сударч, Төөгий хоёр харин геологийн ангийн оюутнууд байсан тул тэгж бардам хэлсэн биз. Хэсэг маяг үзүүлсний эцэст хүний 2500 төлж цааш явах эрхтэй болсон юм даа. Магадгүй та яагаад бэлэн мөнгөний нөөцтэй явах хэрэгтэйг ойлгож байгаа байх.

"Цагаан нуга" хүүхдийн зуслан.
Саатуулагчдаас салаад цаг хэртэй алхаж 8 цагийн алдад хадлан дээр буудалласан юм. Тулгын гурван чулуутай, яг голын хажууд гээд яг л урьдаас бэлдсэн газар шиг. Хоёр нь майхнаа барьж, нөгөө хоёр нь хоолоо хийж, нэг нь ус түлээгээ бэлдэж гарав. Гялс гоймонтой шөл хийж идээд майхан майхандаа орцгоолоо. Сударч ангийнхаа хүүхэдтэй, бизнесийн сургуулийнхан цугтаа хэмээн сургууль сургуулиараа нэг нэг майханд хуваагдсан юм. Тус өдөр унаагаар 14 км, явган 10 км гээд дунджаар 25 км газар явсан бололтой. Байгаль бол янзын үзэсгэлэнтэй газар байна лээ. Тэрэлжтэй их төстэй юм уу даа. 22:50 минут.

Эхний өдрийн буудалласан газар. Оройн хоолоо хийж байгаа нь.

АЯЛЛЫН ӨДӨР 2

Энэ өдөр тэмдэглэл хийгээгүй бололтой дэвтэр маань хов хоосон байна. Гэхдээ би санаж байгаагаа энд тэмдэглэн үлдээе. Нөгөө хэд маань ч гэсэн өөрсдийн санамжаас хуваалцах байх. Гэвч зураг бий.

Миний санаж байгаачлан өглөө нэлээн хүйтэн байсан. Голын хажууд хадлан дээр хоносон болоод ч тэр үү. Мэдээж хэрэг намар болсныг мартаж болохгүй байх. Урьдын адил 9-10 цагийн хооронд босож цай ундаа уугаад цааш явах бэлтгэлээ базаах нь тэр. Ингээд цааш замаа даган алхсаар үдээс өмнө гэхэд бэлчир дээр ирлээ. Тэнд 3 жийп машин 2 машин харгалзагч биднийг угтан авав. Нэг нь машин дотроо нам унтаж харин нөгөөх нь ширүүн урсгалтай уулын голоос загас барих гэж оролдож байгаа бололтой уургаа барин зогсоно. Ер нь бол хүмүүс бэлчир хүртэл машинтай ирээд цааш явган явдаг юм байна лээ. Бэлчир бол аяны сайхан буудал л гэсэн үг. Бид машингүй, боломжгүй байсан тул алхаж ирэв. Загасчин залуутай хальт үг сольж замаа лавлан асуугаад цааш үргэлжлүүлэн алхлаа. Алхаж байхдаа усаа угаад л алхаад байна шүү дээ.  
Бэлчир өнгөрөөд цааш явж байгаа байдал.

Жим маань голтой нийлж бид гол даган түүний эргээр цааш өгсөн явав. Явахад чулуу мод ихтэй, дээш доош болсон гээд үл ялиг төвөгтэй зам. Жим даган өгсөхийн хэрээр зүүн тийш чиглэн голоос холдож байлаа. Дараагаар нь ой мод уруу орж хэсэг явна. Төд удалгүй нөгөө жим маань уулын бэлээр уулаа ороож явах шинжтэй боллоо. Иймэрхүү замаар явах хөлд их дарамттай. Яваад л байлаа, яваад л байлаа. Ой мод ч дуус ч модгүй бэлээр үргэлжлүүлэн гэлдэрсээр Хөндий рүү орж ирэх нь тэр.

Хөндий уруу орж ирж буй бүр зураг. Удахгүй энэ голыг гатлаад тээр тэнд харагдаж буй ой модны хаяанд хоноглоно.
Уулын бэлээс уруудсаар голтой тулж ирэв. 5 хүнд нэг сандаал гэсэн зарчимтай бид өнөөх цор ганц сандаалаа ээлжлэн өмсөж голоо гаталлаа. Ус үнэхээр хүйтэй байсан шүү. 15 секунд хүрэхгүй үгүйтэй ороод гараад ирэхэд л хөл тачигнаж байсан. Санаж байгаачлан 2 гол угсруулан гаталсан юм. Үнэндээ бол нэг урсаж байгаад хэсэг газар хоёр салаалсан гол гэхүүдээ. Нар бууж байсан тул бид хоноглох газраа хайн цааш явлаа. Мод уруу орохгүй ойн захаар чулуун дундуур буюу ой гол хоёрын дундуурх жимээ даган явна. Ингээд буудаллах цаг ч болж явж байсан тэр л газраа голын хайрган дээр будаалсан юм даа.


Тохиносон байдал. Хоолоо хүлээж суугаа нь. 

Гал түлэхэд асуудалгүй, яг тохирсон газар байсан. Нэг гэм нь унтаж амрахад чулуу нухаад жаахан тухгүй. Би уламжлалт ёсоороо хоолоо хийж нөгөө хэд маань үүрэгт ажлуудаа хийж гарав. Уг орой мөн л шөлтэй хоол хийсэн санагдаж байна. Аяллын туршид хоёр дуугаар хоол иднэ гэж бодоод ч хэрэггүй байх. Гоймон уу будаа юу сайн мэдэхгүй юм. Гоймонтой хоол хийх магадлал хамаагүй өндөр л дөө тэхээр гоймон байсан нь гарцаагүй. Энэ өдөр тийм ч онцын адал явдалгүй ийнхүү өндөрлөсөн юм даа. Юу гээч өдөржин алхсаны орой галын хажууд суугаад амрах шиг сайхан амралт хаа ч байхгүй шүү. Яг л Энди, Рэд хоёр шоронгийн дээвэр янзалчхаад нар жаргах үеэр дээвэр дээрээ шар айраг уугаад суудаг шиг. Гэхдээ бидэнд шар айраг байгаагүй нь харамсалтай. Амар амгаланг энэ л үед мэдэрдэг байх.  


Монголын их амар амгалан.

АЯЛЛЫН ӨДӨР #3

Намайг өглөө сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу. Нар аль эрт мандаж өглөөний 9 цаг болсон байв. Бидний өглөө босоод хийдэг ажил бол нүүр гараа угаачхаад шууд л хоол цайндаа орох. 5-уулаа болохоор 1кг Арвайн гурилын 70% нь бараг идчихсэн. Уудаг цай маань Lipton. Яагаад ч юм липтон цай хээр их л амттай амтагдана. Голын хажууд, чулуу ихтэй хайрган дээр хоноглосон болохоор өнөөх чулуунууд нь шөнөжин бие нухаад олигтой ч амраасангүй. Үнэндээ л тав тух муутай хонолоо. 

Амралт +Аньс 
Уламжлалт ёсоор 10 цаг өнгөрөөгөөд цааш замдаа гарлаа. Төд удалгүй хэсэг хугацааны дараа бид замаасаа гарчихсан явж байгаагаа олж мэдсэн юм. Хайрган дээгүүр нэлээн явж байсан ч сүүл рүүгээ битүү торлог дунд орчихсон. Цааш явах аргагүй болсон тул бид хэд жимээ хайж олохоор шийдлээ. Ганаа, Сударч хоёр цүнхээ үлдээгээд торлог дундуур зам хайхаар орох нь тэр. Хэсэг хугацааны дараа "зам олсон" гэх дуу сонсогдож байна. Жимээ олсон тул аялал маань цааш үргэлжлэв. Ой мод торлог хоёрын дундуур саад бартаа багатай тун давгүй гэмээр замаар явсаар эцэст нь ой руугаа орлоо. Ой дотор жим хоёр тийш салсан тул бид доош гол уруу бус харин дээш явахаар шийдэв. Дээшээ нэлээн явсны эцэст зам маань биш болохыг дахин ухаарав. Сүүлд олж мэдсэнээр бол энэ нь зэрлэг гайхайн жим байсан аж. Туршлагатай сайн аялагч бол шууд л хараад мэдэх байсан биз. Ганаа бид хоёр цүнхгүйгээр өнөөх гахайн жимээр цааш явж үзээд дэмий гэдгийг нь батлан нөгөө хэд дээрээ эргэн очлоо. Бид бага зэрэг буцаж байгаад гол уруу уруудах гэсэн боловч хэтэрхий огцом газар таарч шууд л болив. Тиймээс дахиад жаахан буцаж байгаад гол уруу очихоор тохиров. Ганаа, Сударч хоёр маань дахиад л цүнхгүйгээр замаа хайхаар голын зүг чиглэн явлаа. Удалгүй боломжийн хоёр зам олсон гэдгээ бидэнд мэдэгдсэн юм. Би ч хувьдаа гол гаталмааргүй л байсан. Бүгд гатлахаар шийдсэн тул надад сонголт үлдээгүй л дээ. 


Манайхан дундаа нэг сандаалтай болохоор эхний туулсан хүн буцаагаад шиддэг дүрэмтэй. Гол гатлаад цаад талд нь гарч хөлөө хатаасны дараагаар цааш хөдөллөө. Хэдэн минутын дараа маш сайхан тод жим олох нь тэр. Хүмүүс цайлсан ул мөр хүртэл тус зам дээр байсан. Ингээд эргэн замдаа орсон болох нь батлагдсан юм даа. Бүгд л төв замтайгаа нийлсэн дээ баяртай байлаа. Түрүүн хэсэг замаа олохгүй будлиж явахад өмнөх жилийн нөгөө айхтар хүнд аялал шууд л санаанд орж ирж байсан. Тэрхэн мөчид үнэндээ л гутармаар байсан шүү. Дахиад л буцах нь гэж бодсон. Энд нэг зүйлийг сануулан хэлэхэд аяллын хоёр өдөр гаталсан голыг гатлах хэрэггүй байсан юм. Зүүн гар талаа барьж явсан бол шууд л үндсэн жимээрээ явна. Бидэнд гол гаталсан жим тод харагдсан тул гаталчихсан. Хүмүүс замаа мэдэхгүй өмнө нь бас ингэж явсан байх л даа. Түүнд нь бид хуувтагдсан.

Тунгалаг гэхэд дэндүү тунгалаг рашаан мэт ус байлаа
Олсон жимээ даган явсаар уул ороож эгц хойш чиглэн алхав. Дан ой дундуур явсаар байгаад бид горхитой таарлаа. Жим хоёр салсан байсан тул бид мөн л өмнөхтэй адил горхи гатлалгүй дээш өгсөхөөр болсон. Ингээд буруутаж байгаа юм л даа. Өнөөх сонгосон жим дээшлэх тусам явах аргагүй, том том хад чулуу болон хувирч байлаа. Аргагүй болсны эцэст алхалт зогсож жим хайх эрэл дахин эхлэлээ. Дашка доош горхины зүг явлаа. Доогуур явсан Дашка хүн олж хараад чанга гэгч нь орилов. Үүнийг сонссон бид шууд л тэр зүг рүү харлаа. Горхины нөгөө талд хэсэг хүмүүс буудалласан байна. Энэ бол нөгөө бид хэдтэй зөрөх ёстой байсан Аялагч Бек-н аяллын баг байв. Дахин сануулахад Сударч наашаа аялалд гарахын өмнө Facebook-ээр түүнтэй холбогдсон байсан юм. Мэдээж хэрэг аялалд гарах гэж байгаа хүмүүс чинь бага зэргийн эрэл хайгуул хийнэ дээ. Тийм л сэжмээр холбогдсон хэрэг.

Усны тунгалаг нь Тамирын гол гээд сайхан дуу байдаг даа тэр чинь л энэ байх.
Хүн хараад хүч орсныг ч хэлэх үү нүд ирмэхийн зуур л горхины нөгөө талд гарчихсан явж байна. Очоод уулзлаа. Бек-н баг мөн байна аа. Тус баг настайвтар хоёр, гадаад хоёр, бид нарын үеийн 2, Бек гэсэн бүрэлдэхүүнтэй байв. Манай хэд зам маршрутаа ярилцаад хэсэг амарч суулаа. Бид хэд замдаа хүнсээ тооцолж үзэхэд нэг л хүрэхгүй тал руугаа хандаад явчихсан. Юуны магад гэж бодоод Бек ахаас асуутал бидэнд 4 ширхэг баяжуулсан туузан гоймон өгч байна. Бэрхшээлтэй байсан хоолны асуудал шийдэгдсэн тул Бек ахдаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгсэн нэг ах хүү биднээс кола дабль үнээр нь авъя гэдэг юм байна. Үүргэвчээ үүрч ядан яваа бидэнд ямар юмных нь кола байхав дээ. Арай л цагаа олоогүй асуулт байсан. Гэхдээ хүйтэн кола уувал ч сайхан л даа. Тэдний буудалласан газраас цааш нэг цаг хэртэй алхаж өөр нэг горхины хажууд нөмөртэй, зөөлхөн газар буудаллав. Түргэн гэгч нь майхнаа босгоод хоолоо хийж эхэллээ. Ажлын хуваарилалт ойлгомжтой. Би тогооч харин нөгөө хэд майхнаа босгох, ус авах, түлээ бэлтгэх гэсэн ажилтай. Өнөө орой савхан гоймонгоороо хоол хийхээр шийдлээ. Хоолны орц тун энгийн: гоймон, жаахан борц, шуузалсан мах, тэгээд бага хэмжээний давс болон амтлагч. Тэгээд араас нь Lipton цайгаа чанана. Хоолоо хийж идчихээд галын дэргэд жаал буу халж сууж, маазарч байгаад 21:30 гэхэд бүгд майхан майхандаа орлоо. Өмнө нь би хэлсэн үгүйгээ санадаггүй ээ. Сургууль сургуулиараа нэг нэг майхантай байсан. Аяллын гурав дахь өдөр дан төөрсөөр ингэж өндөрлөсөн юм даа. Маргааш бид Асралт Хайрхан орох болно.


No comments:

Post a Comment