Өмнө нь та бүхэн бидний Хагийн хар нуур уруу хийсэн аяллын тэмдэглэлийг уншсан байх. Энэ удаа би та бүхэнд бас нэгэн аяллын тэмдэглэлээ хүргэх гэж байна. Энэ бүхэн дээрх аяллын яг дараагийн жил нь болсон юм. Хагийн хар нуур уруу явж хаширсан бид хоёр энэ удаад арай өөр тийшээ явахаар шийдэж багын гишүүдээ ч гэсэн нэмсэн юм.
Ээлжит нэгэн аялал маань ийнхүү эхэлсэн юм. Өнгөрсөн удаа хоёулханаа явсан болохоор энэ удаа илүү олуулаа явах зорилго тавилаа. Тиймээс хүүхдүүдийг элсүүлэх ажил өрнөв. Өнгөрсөн аяллын түүхээ нүдэнд нь үзэгдтэл ярьж хүүхдүүдийн сонирхлыг тултал өдөөж өгөв. Бараг л өвөлжингөө хичээлийн жилийн турш ярьсан даа. Эцэст нь хэдэн найзууд явахаар боллоо.
Миний элсүүлсэн хоёр хүн бол Дашням болон Гантулга нар. Тэр хоёр манай бизнесийн сургуулийн менежментийн ангид сурдаг, Ганаа болон Сударч бид гурав аль 10 жилийн л найзууд байсан. Харин Сударч их сургуулийнхаа ангийн найз Төгөлдрийг элсүүлсэн юм. Ийнхүү баг маань 5 хүний бүрэлдэхүүнтэй болох нь тэр.
Аяллаа яагаад ингэж орой хийснийг нэг л сайн санаж өгөхгүй байна. Бодвол ихэнх нь өмнө нь ямар нэг шалтгаанаар завгүй байсан байх. Юу ч гэсэн бид 4 цуглаж хүнсээ базаасан юм. Ихэнхдээ Номин, Оргил, Тэнгэр гэсэн томоохон супермаркет ороод цуглуулчихна. Өмнө жилийн жагсаалтаа харж байгаад яг л түүнийхээ дагуу цуглууллаа. Яахав зарим нэг зүйлийг хасаж нэмсэн нь бий боловч ерөнхийдөө л тэр жагсаалтын дагуу авсан. Жагсаалтыг харахыг хүсвэл та Хагийн хар нуур уруу хийсэн аяллын постыг уншаарай.